ХААИС “Тэрбум мод хөтөлбөр”-т бодит хувь нэмэр орууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-17 13:51:19

“Тэрбум мод сан”-ийн дэмжлэгтэйгээр ”Дэвшилтэт технологи ашиглан олон нийтийн оролцоонд суурилсан мод тарих, мод үржүүлэг хийх хүчилтөрөгчийн нанобөмбөлгийн /GAIA Water/ технологи түгээн дэлгэрүүлэх нь” төслийг ХААИС-ийн Агроэкологийн сургууль хэрэгжүүлж байна

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт ойжуулалт хийж 40500 тарьцаар 16.5 га талбайд ойжуулалт амжилттай хийгээд байна.

ХААИС-ийн Ойн аж ахуй, Байгаль орчны нөхөн сэргээлт, Экологи, Экологи, байгаль орчны хяналт үнэлгээ, Агрономийн ангийн 28 оюутан 10 багш хамтран ажиллаж 2025 оны 05 дугаар сард ойжуулалт, 2025 оны 09 дүгээр сард нөхөн тарилт хийж ойжуулсан болно.

Төслийг санхүүжүүлэгч байгууллага “Тэрбум мод сан”, Ойн газар, Тужийн нарс байгалийн цогцолбор газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, ХААИС-ийн Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар, Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн болон төслийн багийн гишүүд, комиссын гишүүдийн хамт тооллого хийн 85-90%-ийн амьдралттай байгааг тогтоон 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт албан ёсоор хүлээлгэн өглөө. Багш оюутнуудыг дэмжиж хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн БОГ, Тужийн нарсны БЦГ-ын хамт олонд ХААИС-ийн зүгээс талархал илэрхийлэв.

Багш, оюутнуудын сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн таримал ой ХААИС нэрээр Тужийн нарсны БЦГ-ын Уст Шаамар хэмээх газарт ургаж эхэллээ. Цаашид ХААИС-иас энэхүү ойжуулалтын талбайд судалгаа, мониторингийн ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

 

Эх орон, эх дэлхийн ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллаж буй хүн бүрд талархъя.

Тарьсан мод маань тал дүүрч, арчилсан мод маань аварга том ургах болтугай.