ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль (ХШУС)-ийн аялал жуулчлалын хөтөлбөрийн оюутнууд Япон улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрт тогтмол хамрагддаг билээ. Энэхүү хөтөлбөрийг зуучлан хэрэгжүүлэгч Labor force ХХК-тай ХААИС хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг Япон улсад дадлагажуулдаг AB Accommo болон All Staff Japan компанийн удирдлагууд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ХААИС-ийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар талууд оюутнуудын мэргэжлийн дадлагын үр дүн, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Япон улсын хамтрагч байгууллагууд өмнөх жилүүдэд тус хөтөлбөрт хамрагдсан ХААИС-ийн оюутнуудын мэдлэг, ур чадвар, ажлын хандлагад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ирэх жилүүдэд дадлагажигч оюутнуудын тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо. Түүнчлэн амжилттай дадлага хийсэн оюутнуудыг цаашид өөрийн байгууллагад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг бүрдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
ХААИС-ийн зүгээс оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын ажлын туршлага хуримтлуулах, цаашдын хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дадлагын хөтөлбөрийн үргэлжлэх хугацааг нэг жил хүртэл сунгах боломжийг санал болголоо. Энэхүү санал нь оюутнуудыг бодит ажлын орчинд илүү урт хугацаанд дадлагажуулах, мэргэжлийн ур чадвар болон ажлын туршлагыг нь гүнзгийрүүлэх, улмаар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн үндсэн зорилготой нийцэж байна.

Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, дадлагажигч оюутнуудын тоог нэмэгдүүлэх, дадлагын хугацаа болон төгсөгчдийг ажлын байраар хангах боломжийг цаашид хамтран судалж, хэрэгжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.
Энэхүү хамтын ажиллагаа нь ХААИС-ийн оюутнуудад олон улсын мэргэжлийн туршлага эзэмших, ажлын байранд шаардлагатай ур чадвараа хөгжүүлэх, цаашдын ажил мэргэжлийн замналаа өргөжүүлэх чухал боломж болж байна.