ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан I курсийн оюутнуудын дунд үндэсний өв соёл, түүх уламжлалаа танин мэдүүлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилготой өдөрлөгийг 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагааг ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал И.Баярбат нээж, оюутан залууст баярын мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр тус сургуулийн багш, түүхийн ухааны доктор Б.Лхагвадорж “Монгол бахархал” сэдвээр илтгэл тавьж, Монголын түүх, төрт ёсны уламжлал, Эзэн Чингис хааны үйл хэрэг, өв соёлын үнэ цэн, түүнийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлын талаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ.
Үндэсний дээл хувцас, ёс заншлыг сурталчлах зорилгоор “Сайхан дээлтэй хос”, “Сайхан дээлтэй залуу”, “Сайхан дээлтэй бүсгүй” номинациар шилдгүүдийг шалгаруулж, монгол үндэсний хувцасны өнгө төрх, хийц загварыг онцлон харууллаа.
.jpg)
Түүнчлэн оюутан залуусыг үндэсний өв уламжлалтай биечлэн танилцуулах, өв соёлыг бодитоор мэдэрч, суралцах боломж олгох үүднээс үйл ажиллагааг өртөөчилсөн байдлаар зохион байгуулав.
Сур, суран эдлэлийн өртөө: Монголчуудын нүүдэлчин ахуй, мал аж ахуйтай салшгүй холбоотой морины тоног хэрэгсэл, уналга эдэлгээний болон ахуйн хэрэглээний суран эдлэл, гоёл чимэглэлийн зүйлсийг танилцуулж, тэдгээрийн хэрэглээ, онцлогийг тайлбарлав.
“Шагай харваа” өртөө: ХААИС-ийн шагайн харвааны “Номт мэргэн” клубын залуу харваачид харвааны үзүүлбэр толилуулж, шагайн харвааны түүх, соёл, дүрэм журам, хэрэглэгдэхүүнтэй танилцууллаа. Мөн сонирхогч оюутнуудад шагайн харваагаар харваж үзэх боломж олгосон юм.
Уламжлалт идээ, ундааны соёлын өртөө: Монгол орны бүс нутаг, нутаг нутгийн онцлогийг шингээсэн цай, идээ ундаа, цагаан идээний төрөл зүйл, боловсруулах уламжлалт арга технологийг танилцуулж, амталгаа зохион байгууллаа.
Үйл урлалын өртөө: Оюутнуудын урласан гар урлалын бүтээлүүд болон монгол үндэсний уламжлалт оёдлын төрөл, арга барил тухайлбал, зүү ороох, хонин холбоо зэрэг оёдлоор урласан бүтээлүүдээ дэлгэсэн байв.
“Монгол бичиг” өртөөнд бийрийн бичлэг, уран бичлэгийн үзүүлбэр, бийрээр бичих, бийр янтайн хэрэглээ, соёлыг таниулах, нэр бичих үйлчилгээг үзүүллээ.
Үйл ажиллагааны турш оюутан залуусын бэлтгэсэн нутаг нутгийн болон үндэстэн ястны өвөрмөц өнгө төрхийг илэрхийлсэн дуу хуур эгшиглэж, оролцогчдод үндэсний соёл, уламжлалаа мэдэрч, бахархах сэтгэл төрүүлсэн “Монгол бахархлын өдөр”-ийг түүх, соёл, өв уламжлалаа танин мэдэж, үндэсний бахархлаа бэхжүүлсэн өдөр болгон тэмдэглэлээ.