Монголын залуу эрдэмтдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ХААИС-д зохион байгууллаа.
Хурал нь залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг олон нийтэд танилцуулах, судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, шинэлэг санаа, бүтээлч судалгааг дэмжих, цаашдын судалгааны үйл ажиллагаанд бодит хөрөнгө оруулалт хийх зорилготой юм.
Хурлын нэгдсэн нээлтийн үйл ажиллагаа ХААИС-ийн Хатантуул театрт болж, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, МЗЭХ-ны ерөнхийлөгч, Д.Хандмаа, ХААИС-ийн захирал, Б.Баасансүх нар мэндчилгээ дэвшүүлэв.




“Хүрэлт тогоот-2026” эрдэм шинжилгээний хурлын хүндэт илтгэлийг МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхимийн багш, профессор Ц.Төрбат Монголын эртний адууны археологийн судалгаа”, МЗЭХ-ны Байгалийн ухааны салбар холбооны тэргүүн, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд “Хиймэл оюун ухаан: Судалгааны арга зүйн шинэ ур чадвар” сэдвээр илтгэлээ.
Нээлтийн дараа оролцогчид шинжлэх ухааны долоон чиглэлийн салбар хуралдаанд хуваагдан, салбар тус бүрд эрдэм шинжилгээний бүтээлүүдээ хэлэлцүүлэв.
Биологи–Хөдөө аж ахуйн салбар хуралдааныг ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулж МЗЭХ-ы Биологи-ХАА-н салбарын тэргүүн Б.Баяр-Энх, МЗЭХ-ы гүйцэтгэх захирал Г.Ариунболд, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очир нар нээж, мэндчилгээ дэвшүүлэв.
Биологи–Хөдөө аж ахуйн салбар хуралдаанд 30 бүтээл ирснээс 13 аман илтгэл, 5 ханын илтгэл, нийт 18 эрдэм шинжилгээний бүтээл хэлэлцүүлж мал эмнэлэг, биологи, ургамлын биотехнологи, амьтан судлал, экологийн чиглэлээр манлайлж буй таван доктор шүүгчээр ажиллаж шинжлэх ухааны түвшин, шинэлэг байдал, онолын болон практик ач холбогдол, илтгэх ур чадвар, ерөнхий мэдлэг гэсэн таван шалгуураар үнэллээ.
Биологи–Хөдөө аж ахуйн салбар хуралдаанаас нийт долоон судлаач грант, нэрэмжит болон тусгай байрны шагнал хүртлээ.

Зүүн гар талаас: Урд эгнээнд Ц.Даваацэрэн, Б.Давхарбаяр, А.Энэрэлт, О.Гансүх, М.Золжаргал, М.Номуундарь, Э.Бумбаяр, арын эгнээнд шүүгчид болон зохион байгуулагчид
“Хүрэлтогоот-2026” эрдэм шинжилгээний хурал залуу судлаачдын судалгааны үр дүнг танилцуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдлэг туршлага солилцоог өргөжүүлэх, шинжлэх ухааны шинэ санаа, инновацыг дэмжих чухал талбар боллоо. Биологи–Хөдөө аж ахуйн салбар хуралдаанаар мал эмнэлэг, биологи, хөдөө аж ахуй, молекул биологи, экологийн чиглэлийн 18 бүтээл хэлэлцүүлж, 7 судлаач грант болон тусгай байрны шагнал хүртсэн нь залуу судлаачдын бүтээл, судалгааг дэмжих бодит хувь нэмэр боллоо.

