БНСУ-ын Дижитал аж үйлдвэрийн нэгдсэн зөвлөл (KDIC)-ийн дарга Кан Дун-Гу (강동구) болон Монголын ногоон загалмай нийгэмлэг, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Г.Нагарагчаа, менежер Б.Тунгалаг нар 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ХААИС-ийн ректор Б.Баасансүх болон профессор Б.Мөнхбат нартай уулзлаа. Уулзалтаар хоёр байгуулагын хамтын ажиллагаа болон цаашид БНСУ-ын дэвшилтэт шинэ технологийг Монголд нутагшуулах, хиймэл оюун ухаан (AI), блокчэйн, их өгөгдөл (Big Data), AR, VR зэрэг чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.
ХААИС-ийн ректор Б.Баасансүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, ХААИС 2025–2026 оны хичээлийн жилд зургаан зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаас нэгдүгээрт хиймэл оюун ухаан болон шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулах замаар багш, ажилтан, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн талаар онцоллоо. Тус зорилт нь KDIC-ийн үйл ажиллагааны чиглэлтэй нийцэж байгаа бөгөөд цаашид хамтран ажиллах боломжтой гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.
Солонгосын Дижитал аж үйлдвэрийн нэгдсэн зөвлөл (한국디지털산업융합협의회) нь аж үйлдвэрлэлийн шинэ технологи, холбогдох бүтээгдэхүүн, контентын чиглэлээр олон улсын бизнесийг хөгжүүлэх зорилготой, тус салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн байгууллага бөгөөд 2017 онд байгуулагдсан.
Хиймэл оюун ухаан (AI), блокчэйнд суурилсан технологийн эрин үеийн бизнесийн орчны өөрчлөлтөд идэвхтэй дасан зохицох, холбогдох мэдээллийг харилцан солилцох, эдийн засгийн экосистемийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн бизнесийн салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих замаар гишүүн байгууллагуудын харилцан ашигтай, тогтвортой хөгжлийг бий болгох зорилготой юм.
Уулзалтаар хоёр байгууллага цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулж, шинэ технологи нутагшуулах, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
.jpeg)
.jpeg)