Мал эмнэлгийн оюутнуудад бичил биетний тэсвэржилтийн талаар мэдлэг олголоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-11-24 19:07:27

Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног (World AMR Awareness Week – WAAW)-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 18–24-ний өдрүүдэд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн аяныг “Нэг эрүүл мэнд, нэг үйлдэл: Бичил биетний тэсвэржилтээс одоо сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургууль хамтран мал эмч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулсан сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав.

Сургалтад мал эмч мэргэжлээр суралцаж буй 2–5 дугаар дамжааны 120 гаруй оюутан оролцож, бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийн өнөөгийн нөхцөл байдал, үүсэх шалтгаан, мал, амьтан болон хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл авч, санал солилцов.

Бичил биетний эсрэг эмийн тэсвэржилт (AMR) нь дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Мал, амьтанд нянгийн эсрэг эмийг зохисгүй болон хэтрүүлэн хэрэглэх нь эмэнд тэсвэртэй бичил биетэн үүсэх, тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчин, хүн болон амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аюултай.

Иймээс мал эмнэлгийн салбарт нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн жорын хяналтыг сайжруулах, хүнсний зориулалтаар ашигладаг мал, амьтанд хэрэглэсэн эмийн биеээс гадагшлах хугацааг мөрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүн дэх эмийн үлдэцээс урьдчилан сэргийлэх нь нэн чухал юм.

Энэхүү сургалт ирээдүйн малын эмч нарын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлыг дэмжих, улмаар “Нэг эрүүл мэнд” хандлагын хүрээнд бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Сургалтыг БНСУ-ын санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Хөгжиж буй орнуудад Кодексын стандартыг хэрэгжүүлэх замаар хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээн дэх бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийг бууруулж, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах” (GCP/GLO/1458/ROK) төслийн хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү санаачилга нь Монгол Улсад бичил биетний эсрэг эмийн тэсвэржилттэй тэмцэх үндэсний хүчин чармайлтыг дэмжих, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Нэг эрүүл мэнд” хандлагыг бодит үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд чиглэж байна.


НЭГ ЭРҮҮЛ МЭНД, НЭГ ҮЙЛДЭЛ: БИЧИЛ БИЕТНИЙ ЭСРЭГ ЭМИЙН ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЬЕ!