БНХАУ-ын Баруун хойдын Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-11-27 20:58:43

БНХАУ-ын Баруун хойдын Хөдөө аж ахуйн их сургуулийн (Northwest A&F university) Олон улсын сургуулийн дэд захирал Кан Жили, Мал эмнэлгийн сургуулийн профессор Дэн Вин нар ХААИС-д айлчилж тус их сургуулийн ректор, проректорууд хүлээн авч уулзлаа.

Хоёр тал тус тусын сургуулийн үйл ажиллагааг харилцан танилцуулж, оюутны сургалт болон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов.

Олон улсын сургуулийн дэд захирал Кан Жили хоёр сургууль олон жилийн хамтын ажиллагааны үндэс суурьтайг дурдаад, энэ удаагийн уулзалт нь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, хоёр их сургуулийн мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлийн бүрэлдэхүүн сургуулиудын багш, оюутны солилцоо болон профессоруудын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойг онцлов. Мөн Монгол Улсын ХААИС-ийн оюутнуудыг Баруун хойдын ХААИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний сургалтад урьж буйгаа илэрхийлэв.

Хоёр тал цаашид тогтмол холбоотой ажиллаж, хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтлоо.