"ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ХАА-Н САЛБАРЫГ САЙЖРУУЛАХ, ДЭМЖИХ ЗОРИЛГООР ӨГӨГДӨЛД ТУЛГУУРЛАСАН Е-KAKASHI СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭХ СУДАЛГАА" СЭДЭВТ ТӨСЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-09 12:55:20

Япон улсын SoftBank корпорац, Бүгд Найрамдах Колумби улсын Олон улсын Халуун орны төв, ХААИС-н Мал аж ахуй, Биотехнологийн сургуулийн хамтран хэрэгжүүлэх буй "Хөгжиж буй орнуудын ХАА-н салбарыг сайжруулах, дэмжих зорилгоор  өгөгдөлд тулгуурласан е-kakashi системийг хэрэглэх  судалгаа" сэдэвт төслийн хурал өнөөдөр(2023-02-09) цахимаар зохион байгуулагдлаа.

Цахим хуралд ХААИС-ийн удирдлага, төслийн багийн гишүүд, холбогдох эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо. Хурлыг нээж ХААИС-ийн захирал О.Баатарцогт төслийн багийн хамт олон болон хуралд оролцогчдод амжилт хүсээд хэлсэн үгэндээ, Өдгөө дэлхийн хүн ам тасралтгүй өсөж 8 тэрбумыг давсан төдийгүй, НҮБ-ын Мянганы тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 17 зорилгод заагдсан “Хүн амын Тогтвортой аюулгүй хүнсний хангамжийг сайжруулах” зорилгыг ханган биелүүлэхэд шинэ зууны ухаалаг технологийн дэвшлийг ашиглах нь зайлшгүй чухал байна.

Манай их сургууль Монгол улсад ХАА-н чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж, эрдэм шинжилгээ эрхэлдэг цорын ганц дээд боловсролын байгууллага болохын хувьд Монгол улсын ХАА-н инновац, технологийн гол цөм байх ёстой билээ.

Бид Япон улсын 21 их сургууль, олон улсын байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дунд болон урт хугацааны оюутан багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Үүний нэгэн тод жишээ болох энэхүү и-какаши системийг нэвтрүүлэх төсөл нь манай орны мал аж ахуй эрхлэгчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг сонголт болох нь эргэлзээгүй юм. Тиймээс бид энэхүү төсөлд хамтран оролцох болсондоо туйлын таатай байна.

Хувийн зүгээс болон ХААИС-ийн хамт олны нэрийн өмнөөс хүндэт Манабү Ишитани танд болон төслийн багийн нийт хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсье гэв. Мөн тус төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хөтөлбөрийн дагуу доктор Takashi Togami(SoftBank) “Demonstrative Research on Agriculture IoT Platforms Toward Creation of the Mongolian Agricultural Information Platform”, доктор, дэд профессор Б.Энхжаргал, доктор А.Гоомарал, Д.Дамдинсүрэн нар  “Application study of data-driven agriculture integrated decision support system (e-kakashi) to improve sectors in the developing countries” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Төслийн багийн хамт олонд амжилт хүсэж, ХААИС-ийн МААБС-ийн захирал Д.Гүрбазар; Монгол улс эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр харьцангуй бүтээмж багатай ХАА-н салбарыг эрхэлдэг. Өнөөдөр энэхүү ухаалаг системийг нэвтрүүлснээр технологийн хяналтыг сайжруулан бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Хуурай сэрүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйг эрхлэх, технологид хяналт тавих асуудал хамгийн хүндрэлтэй байдаг.

Өнөөдрийн нээлтээ хийж буй төслийн үр дүнд э-какаши ухаалаг систем МУ-д нэвтэрснээр хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн өдөр тутмын хүнд ажлын ачааллыг бууруулж, хяналтыг сайжруулснаар бүтээмж нэмэгдэн, бүтээгдэхүүний чанар сайжрах нөхцөл бүрдлээ.

Улмаар нарийн ногооны импорт буурч эх орны хөрсөнд ургасан чанартай ногоо, жимс, жимсгэнэ айл бүрд хүрэх сайхан цагийн эхлэл тавигдлаа.

Үүнд манай эрдэмтэн судлаачид түүчээлэн оролцож байгаа нь нэн сайшаалтай байна.

Эцэст нь хэлэхэд Монгол улсыг сонгон э- какаши ухаалаг системийг нэвтрүүлэх болсон Японы Сопт банк, Колумбын халуун орны судалгааны төвийн багийнханд баярласнаа илэрхийлье. Энэ төслийн үр дүнд цаашдын олон арван төсөл, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэг итгэлтэй байна гэв.

Төсөл 2022-оос 2024 он хүртэл үргэлжлэх юм.