АГРИМБА ХӨТӨЛБӨР ЕВРОПЫН ХОЛБООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДЛӨӨ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-11-22 10:18:38

ХААИС дээр хэрэгжиж байгаа Олон улсын бизнесийн удирдлагын АГРИМБА хөтөлбөр Европын холбооны жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ Европын холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзээс АГРИМБА-Монгол хөтөлбөрийн захирал М.Эрдэнэбаяр гардан авлаа. 

ХААИС нь 2011 оноос ЕХ-ны АГРИМБА сүлжээнд нэгдэн орсон. Энэхүү сүлжээг Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоон (ICA-Association for European Life Science Universities https://www.ica-europe.info/) дор 1995 онд Вагенингений их сургууль (Нидерланд), Шотландын ХАА-н коллеж (Их Британи), Коркын их сургууль (Ирланд), Прагын ХАА-н их сургууль (Чех), Варшавын ХАА-н их сургууль (Польш), Дебрецений их сургууль (Унгар) хамтран байгуулсан. Тус хөтөлбөр нь үүнээс хойш жил ирэх бүр өргөжсөөр эдүгээ Европын холбоо, АНУ, Зүүн Европын 20 гаруй их сургуулийг эгнээндээ нэгтгэсэн сургалтын нэр хүндтэй томоохон сүлжээ болоод байна. ХААИС нь АГРИМБА сүлжээн дэх цорын ганц Азийн их сургууль юм. 

АГРИМБА хөтөлбөрийн сургалтын хугацаа 2 жил ба сургалт Англи хэл дээр явагддаг. Сургалтыг Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоонд харьяалагдах их сургуулиудын профессорууд ба дотоодын эрдэмтэн, профессорууд хамтран явуулдаг бөгөөд суралцах хугацаандаа Европын аль нэг их сургуульд богино хугацааны хамтарсан сургалтад хамрагддаг

АГРИМБА хөтөлбөрөөр суралцсан оюутны дипломыг Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоонд харьяалагдах их сургуулиуд хүлээн зөвшөөрдөг бөгөөд Европын амьдралын ухааны их сургуулиудын холбооны АГРИМБА сүлжээнээс олгодог (https://www.ica-agrimba.eu/).

Олон улсын бизнесийн удирдлагын АГРИМБА хөтөлбөр (http://agrimba.muls.edu.mn/) нь хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, худалдаа, хүрээлэн буй орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын менежерүүд чиглэсэн хөтөлбөр бөгөөд ажиллахын хажуугаар суралцаж төгсөх боломжийг олгосон нь Европын бизнесийн байгууллагуудын талархлыг хүлээдэг.


 

ХААИС-ИЙН ОЛОН УЛСЫН АГРИМБА ХӨТӨЛБӨР