Хэл, соёл, танин мэдэхүй: "Creativity and innovations in teaching english language” хурал зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-04-26 14:52:52

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын  хэл, соёлын тэнхмүүдийн дунд  гадаад хэлний сургалтын нөхцөл байдал, заах аргын шинэчлэлийн талаар хэлэлцдэг “Хэл соёл, танин мэдэхүй” хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уламжлалт “Хэл, соёл, танин мэдэхүй” VII хурлыг 2023-2024 оны хичээлийн жилд "Creativity and innovations in teaching english language” сэдвийн дор ХААИС дээр тус сургуулийн ууган тэнхимүүдийн нэг Хэл соёлын тэнхим зохион байгууллаа.

Гадаад хэлний сургалтын агуулга, аргазүйн орчин үеийн чиг хандлагын өөрчлөлт, тулгарч буй асуудлын талаар хэл шинжлэл, боловсрол судлал болон сурган хүмүүжүүлэх, заах арга зүйн талаас хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар төрийн өмчит 6 их, дээд сургууль тодруулбал, МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ҮБХИС /Үндэсний батлан хамгаалахын их сургууль/, Монгол Коосэн Технологийн коллежийн нийт 14 эрдэмтэн судлаач, мөн гадаадын зочид, төлөөлөгчид оролцож туршлага солилцов.    

Монгол Улсад гадаад хэлний сургалт тэр дундаа бүх нийтийн англи хэлний боловсролыг сайжруулах талаар,   

- Боловсролын тухай багц хууль, Монгол Улсын Засгийн газрын баталсан Англи хэлний сургалтын чанарыг сайжруулах үндэсний хөтөлбөр (2001)

- Англи хэлний үндэсний хөтөлбөр-2 (2008)  

- Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”

- Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас баталсан “Төгсөгчдийн англи хэлний үнэлгээний талаар авах арга хэмжээ” (2020),  “Англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” (2021)

- ЗГ-ын Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ (2022-2025) зэрэг тушаал, шийдвэр, тогтоол, хөтөлбөр хэрэгжиж байна.  

  Англи хэлээр дэлхийн 2 тэрбум гаруй хүн ярилцдаг бөгөөд интернэт вэбсайтын 55 хувь, олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн 98 хувь нь бичигдсэн байдаг. Мөн өнөөгийн дээд боловсрол эзэмшигчдийн зайлшгүй хэрэглээ болж, хөдөлмөрийн зах зээлд Англи хэлний мэдлэг ажлын байрны үндсэн шалгууруудын нэг болжээ.