“Student day-2024”: ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг ХААИС-ийн оюутнуудтай уулзлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-15 12:50:26

Оюутан залуусын “2000 клуб”-ээс цуврал болгон зохион байгуулдаг Student day-2024” уулзалт, хэлэлцүүлгийн 13 дахь удаагийнхад ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг зочин илтгэгчээр уригдаж ХААИС-ийн оюутнуудтай уулзан яамны бодлого, хэрэгжүүлж буй гол үйл ажиллагааг салбарын оюутан залуустаа танилцууллаа.

Student day-2024” уулзалт хэлэлцүүлгээр салбарын дэд сайдууд мэргэжлийн чиглэлээрээ залуусын санаа бодлыг сонсох, салбарын ирээдүйн боловсон хүчин болоход юу чухал талаар харилцан нээлттэй мэдээлэл солилцдог бол энэ удаа ч мөн ялгаагүй халуун дулаан уур амьсгалтай болж оюутнууд санал бодлоо нээлттэй хэлэлцүүллээ.

ХААИС-ийн бүрэлдэхүүний зургаан сургуулийн төлөөлөл болсон 300 гаруй оюутан оролцож тэдний зүгээс сургуулийн орчин нөхцөл, дадлага хийхэд тулгарч буй бэрхшээл, багш нарын цаг ашиглалт, мэргэжлийн нэр хүнд, ажлын байр зэрэг асуудлыг салбарын дэд сайд болон сургуулийн удирдлагад нээлттэй танилцуулж хариулт авсан.

Уулзалтын үр дүнд ХААИС-ийн удирдлага

Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах

Оюутнуудын сурах, дадлагажих нөхцөлийг бүрдүүлэх

Мэргэжлийн нэр хүндийг өргөх зэргийг сайжруулахад анхаарч шат дараалсан арга хэмжээ тухайлбал, салбар яамтай хамтран “1000 оюутан”, “24 цагийн номын сан” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллахаа илэрхийллээ.

ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг уулзалтын төгсгөлд хэрвээ оюутан таны сурах, боловсрох эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөж байвал Монгол Улсын Засгийн Газрын 11 11 дугаар болон https://e-mongolia.mn/-нд хандаж болохыг зөвлөөд оюутан та бүхнийг зөвхөн сургууль тань “таньдаг” байсан бол одоо Монгол Улсын төр таныг “таньдаг” болсон гэдгийг онцлон хэллээ.

Энэ үеэр Student day-2024” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулагч оюутан залуусын сайн дурын “2000 клуб” ХААИС дээр салбар зөвлөлөө байгуулж оюутнуудыг гишүүнээр элсүүллээ.