Магистрын олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагч Б.Үенч: Олон боломж, давуу талыг олж авсан

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-18 17:58:46

Магистрын олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн суралцагч Б.Үенч:

Олон боломж, давуу талыг олж авсан

Тайландын Касецарт их сургуульд магистрын олон улсын хөтөлбөрт Загасны биологи чиглэлээр тэтгэлэгтэй суралцаж буй Б.Үенчийн сэтгэгдлийг хүргэж байна.

Миний бие Баясгалан овогтой Үенч нь Касецарт их сургуульд Магистрын Олон улсын хөтөлбөрт Загасны биологи чиглэлээр 2022 оноос эхлэн суралцаж байна. Одоогоор дипломоо бичээд судалгааны дүгнэлтээ гаргах шатанд явж байна. Касецарт их сургуулийн Загасчлал ба Технологийн тэнхим нь Тайланд улсын усны амьтан болон усан орчин судлалаар мэргэшсэн мэргэжилтэн, судлаач бэлтгэдэг олон жилийн туршлагатай, олон улсын харилцаа сайтай тэнхим юм. Манай сургууль оюутнууддаа онол болон гардан ажилбар бүхий дадлага, сургалтыг байнгын хослуулдгаараа давуу талтай.

Тайланд улсын онцлог болох загасны аж ахуй тун эрчимтэй хөгжсөнтэй холбоотойгоор оюутнууд нь Монгол хүнд 5 хошуу мал зааж байгаатай адил ойрхон хялбар суралцаж байсан. Энэхүү сургуульд суралцах завшаан олдсон нь миний хувьд маш том академик хөрөнгө оруулалт болсноос гадна хувь хүний төвшинд дараах гурван эерэг үр дүнг авчирлаа.

1. Шинэ орчинд дасан зохицож, сайн чадварууд нэмэгдлээ

Тогтмол англи хэлээр суралцаж, харилцаж байсан тул гадаад хэлний чадвар сайжирсан. Гэрээсээ хол бусдын газар биеэ цэгцтэй авч явах соёлд суралцсан. Цаг агаар болон газар нутгийн онцлогоос хамаарч тогтмол эрүүл хооллох, үр дүнтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэсэн. Халуун дулаан цаг агаар, далай тэнгистэй ойр, мөнхийн ногоон улсад суралцах нь миний хувьд тааламжтай, дасан зохицох чадварыг маань нэмэгдүүлсэн гэж боддог.
2. Хувь хүний хөгжил

Суралцах хугацаандаа Тайланд, Филипинн, Япон, Лаос, Бангладеш, Энэтхэг, Камбоджи, Герман зэрэг улсын хүмүүстэй танилцах боломж олдсон. Сургалтын явцад судалгааны зорилгоор орон нутаг руу усны дээж авах болон загас үржүүлэг хийх зорилгоор аялж газар үзэх, танилцах боломжууд бий болсон.
3. Сурч мэдэх арга барилд суралцаж байна

Монгол болон Тайланд орны судлаачид хоорондоо англи хэл ашиглан ойлголцож байгаа учраас бусдыг хүлээцтэй сонсож харилцан ойлголцох,  мөн өөрийгөө зогсолтгүй дайчлах, эерэг санаачилгатай байх чадварт суралцсаар байна.

Энд суралцах давуу талуудаас дурдвал:

1. Дотуур байр тохилог, цэвэрхэн

2. Хоол, хүнс органик, шинэ хямд. Гурван сараар тэтгэлэг авдаг учир амар байдаг

3. Амралтаар, баяраар ойрх дорнодын орнуудаар аялах боломжтой

4. Спортын олон төрлөөр хичээллэх боломж. Өөрийн сонирхлын дагуу олон улсын оюутнуудтай хамтарч клуб байгуулах, клубийн гишүүн болох

5. Монгол соёл ёс заншлаа нээлттэй танилцуулах. Тайланд болон бусад орны ёс заншилд суралцах

Үүнээс гадна Тайланд улс хүнсний үйлдвэрлэл, жижиг, дунд, хувь аж ахуй нэгжийг дэмжих бодлого сайн хөгжсөн орнуудаас нэгт ордог гэж хувьдаа боддог.